Өнөөдөр дэлхийн ХҮНСНИЙ ӨДӨР

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2020-10-16 10:44:00

Дэлхийн Хүнсний өдрийг “Хамтдаа-Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё. Тогтвортой хөгжье” уриан дор тэмдэглэж байна. 

Дэлхийн II дайны дундуур, 1943 онд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвелтийн санаачилгаар НҮБ-ын хурлыг Хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар зарлан хуралдуулж энэ хурлаас гаргасан шийдвэрийн дагуу дайны хөлд сүйдсэн хөдөө аж ахуйг сэргээн босгох, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн хүмүүст туслах зорилготой байгууллага 1945 оны аравдугаар сарын 16-нд байгуулагдсан нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ байлаа.

1981 онд хуралдсан тус байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганаас аравдугаар сарын 16-ны өдрийг Дэлхийн Хүнсний өдөр болгон тэмдэглэхээр тогтсоноос хойш энэ жил 40 дэх удаагаа тэмдэглэж байна. Өдгөө дэлхийн 150 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын хуанлийн хамгийн өргөн тэмдэглэдэг өдрүүдийн нэгд тооцогддог.

Энэ жилийн хувьд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 75 жилийн ойгоо угтахын зэрэгцээ Дэлхийн Хүнсний Өдрийг дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахал, түүний үр дагаврыг даван туулахаар чармайж буй онцгой мөчид тэмдэглэж байна.

Тиймээс хамтдаа босгох ирээдүйн төлөө энэ жилийн дэлхийн хүнсний өдрийг “Хамтдаа–Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье” сэдвийн хүрээнд тэмдэглэж, КОВИД-19 цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний чухал хэсэг нь хүнс, хөдөө аж ахуй болохыг тодотгож байгаа юм.

2019 оны байдлаар 690 сая шахам буюу дэлхийн хүн амын 9 орчим хувь өлсгөлөн, 750 сая гаруй хүний хүнсний баталгаат баталгаат байдал ноцтой хэмжээнд алдагдсан байдалд амьдарч байна гэсэн тооцоог ХХААБ-аас гаргасан. Эдгээр хүмүүс болон цар тахлаас үүдсэн хямралд хамгийн ихээр нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэрээ алдаж байгаа сая сая хүмүүс хямралыг даван туулахад туслахад дэлхий нийт анхаарлаа хандуулан, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, эв нэгдэлтэй байхыг энэ өдөр уриалж байна.

КОВИД-19 цар тахлын энэ тааварлашгүй цаг үе биднээс амьдралын үнэт зүйлс болон үндсэн хэрэгцээний тухай болон заримынх нь хувьд байдаг л нэг зүйл, харин заримд нь ховор эрдэнэ болсон “хүнс” гэдэг зүйлийн талаарх үнэлэмжээ дахин нэг бодож үзэхийг сануулж байна.

Цар тахлын энэ онцгой үед, хоол хүнс тариа, ногооны талбайгаас, бэлчээрээс хэрэглэгчийн ширээнд хүртэлх бүхий шат дамжлагад ажиллаж бидэнд аюулгүй, тэжээллэг хүнс хүртэх боломжийг бүрдүүлж байдаг хүнсний системийн нийт ажиллагсдаа дэмжих нь урд өмнөхөөс илүүтэй чухал байгааг ойлгох хэрэгтэй болжээ. Эдгээр бүх хүмүүсийг ХХААБ-аас Хүнсчид-Баатрууд хэмээн онцолж тэдэнд энэ өдөр талархал

илэрхийлж, илүү хүчирхэг, тогтвортой хүнсний системийг бий болгохын тулд тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад хамтран ажиллахыг уриалж байна.

Бид хүчээ нэгтгэн ажилласнаар өлсгөлөнд нэрвэгдсэн нэгнээ тэтгэх, байгаа хоол хүнсээ зохистой хэрэглэх ёстойг хүн бүр ойлгох юм.

Улс орнууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтран өсөн нэмэгдэж буй хүн амаа олон төрлийн хүнсээр хангаж, тогтвортойгоор хөгжихөд анхаарах хэрэгтэй байна.

2020 оны Дэлхийн хүнсний өдрийг угтан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хэд хэдэн арга хэмжээг хүүхдүүд, оюутнууд, залуу судлаач, өрхийн аж ахуй эрхлэгчид болон олон нийтэд зориулж энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа. Заримаас дурдвал,

  • “Хүнсний аюулгүй байдал–Шим тэжээл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ХХААХҮЯ-тай хамтран аравдугаар сарын 14-нд зохион байгуулав.
  • Хүнс, хөдөө аж ахуйн талаарх хүүхдүүдийн ойлголт, үзэл бодол, дуу хоолойг сонсох, олон нийтэд хүргэж, дэвшүүлж буй шинэлэг санааг үйл ажиллагаандаа тусгах зорилгоор дунд сургуулийн сурагчдын эсээ бичлэгийн уралдаан зарлаж дүгнэжээ.
  • Мөн энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудын шинжлэх ухаанч, шинэ содон, хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөн, шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн санааг дэмжих, хүн амын хүнсний баталгаат байдлыг тогтвортой хангах ажилд жинтэй хувь нэмэр оруулдаг өрхийн аж ахуй эрхлэгчид тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хувь нэмэр болох шинэлэг, бүтээлч санааг ажил хэрэг болоход туслах зорилгоор бичил төслийн уралдаан зарласан.

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран ДХӨ-т зориулсан арга хэмжээг Blue Sky зочид буудалд зохион байгуулж байна. Арга хэмжээний онцлох зүйл нь “Хүнсний систем дэх өөрчлөлт” сэдвээр Монгол Улсад суугаа зарим улсын элчин сайд нарын хэлэлцүүлэг юм.

Бид уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, хоол хүнсний хорогдол, хаягдал, шим тэжээлийн дутагдал, түүнээс үүдэлтэй элдэв өвчлөл зэрэг дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх гарцыг олж дорвитой өөрчлөлтийг одоо л хийхгүй бол сэргийлж болох боловч чадаагүй олон асуудлын төлөөсийг үр хойч маань төлж болзошгүй байна. Үүний нэг нь одоогийн хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлага юм. Гэхдээ үүнийг хэрхэн яаж оновчтой хийх талаар бидэнд тодорхой зүйл бага байна. Ялангуяа цар тахлын энэ үе асуудлыг улам төвөгтэй болгож байгаа. Энэ хэлэлцүүлгээр дээрх асуудлуудад элчин сайдуудын анхаарлыг хандуулж тэдний санал бодол, гарц шийдлийн талаар ярилцах юм.

Түүнчлэн, хүнс үйлдвэрлэл, хүнсний хаягдал, эрүүл шим тэжээллэг хүнсний талаар олон нийтийн мэдлэг, мэдээлэл хүргэх, санал бодлоо хуваалцах боломж олгох зорилгоор “ХҮН+С” нэртэй үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Эх сурвалж: gogo.mn