Өнөөдөр Олон Улсын Хүний Эрхийн Өдөр

Мэдээ | Үйл явдал
2020-12-10 19:14:00

Жил бүрийн 12 сарын 10-нд “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр” тохиодог бөгөөд эл өдрийг тохиолдуулан ЛГБТИК+  хүний эрхтэй холбоотой түгээмэл асуулт, хариултыг НҮБ-ын “Тэгш ба Чөлөөт Аян” болон “ЛГБТ” Төв хамтран та бүхэнд хүргэж байна.

Бэлгийн чиг баримжаа гэж юу вэ?

Бэлгийн чиг баримжаа гэдэг нь, хүн бүрийн хэн нэгэнд сэтгэл, бие махбодь, хайр дурлалын хувьд татагдах төрөлхийн өөрчлөгдөшгүй мөн чанар, мэдрэмж юм. Бэлгийн чиг баримжааг ерөнхийд нь 3 ангилдаг. Үүнд

  • Эсрэг хүйсийнхээ хүнд татагддаг бол стрэйт
  • Ижил хүйсийнхээ хүнд татагддаг бол гей, лесбиян
  • Аль аль хүйсийн хүнд татагддаг бол бисексуал гэдэг.

Бэлгийн чиг баримжаа биологийн үндэстэй буюу төрөлхийн, эпигенетик үндэстэй болох нь батлагдсан.

Хүйсийн баримжаа, илэрхийлэл гэж юу вэ?

Харин хүйсийн баримжаа гэдэг нь хүн бүрд байдаг, өөрийн хүйсээ мэдрэх төрөлхийн зөн совин, мэдрэмж юм.

Хүйсийн баримжааг ерөнхийд нь сизжендэр, трансжендэр гэж 2 ангилдаг.

  • Сизжендер гэдэг нь өөрийн хүйсээ мэдрэх мэдрэмж нь төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэй нь нийцдэг хүнийг хэлнэ.
  • Трансжендэр гэдэг нь өөрийн хүйсээ мэдрэх мэдрэмж нь төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэй нь нийцдэггүй хүнийг хэлнэ.

ЛГБТИК+ гэдэг товчлол нь ямар үгсийн товчлол вэ?

ЛГБТИК+ гэдэг нь бэлгийн цөөнхийг нэрлэх олон улсын нэр томъёоны товчлол юм.

  • “Л” нь ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай эмэгтэйчүүд буюу лесбиян,
  • “Г” нь ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай эрэгтэйчүүд буюу гей,
  • “Б” нь аль аль хүйсийн хүмүүст чиглэсэн бэлгийн чиг баримжаатай бисексуал хүмүүс,
  • “Т” нь өөрийн хүйсийг төрсөн хүйсээсээ өөрөөр эсвэл эсрэгээр мэдэрч, тийнхүү мэдэрч буйгаараа хүйсээ илэрхийлж амьдардаг трансжендэр хүмүүс,
  • “И” нь аль аль хүйсийн анхдагч болон хоёрдогч бэлгийн шинж чанарыг буюу хромосом, гонад болон нөхөн үржихүйн эрхтэний хувьд эр, эм аль хүйст хамаарахыг нь шууд хэлэх боломжгүй буюу интерсекс хүмүүсийг тус тус илэрхийлдэг бол,
  • “К” нь бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд цөөнх хүмүүсийг нийтэд нь нэрлэж буй Күийр гэдэг үгийг илэрхийлдэг.
  •  “+” тэмдэг нь энэ нэр томьёонуудад хязгаарлагдахгүй бусад нэр томьёонуудыг (асексуал, жендэркүийр, нонбайнари, пансексуал гэх мэт) ашигладаг олон нийтийг нийтэд нь хамруулж байгаагийн илэрхийлэл юм.

Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд цөөнх болсон хүмүүсийг нийтэд нь ЛГБТИК+ эсвэл Күийр хүй олон гэдэг.

Бэлгийн чиг баримжаа төрөлхийн үү, олдмол уу? Хэзээ илрэх вэ?

Бэлгийн чиг баримжаа гэдэг нь төрөлхийн, хүн хүндээ татагдах, дурлах мөн чанарыг хэлдэг ойлголт юм. Бэлгийн чиг баримжаа бэлгийн зан үйлээр илэрхийлэгдэж ч болно, үгүй ч байж болно. Бэлгийн чиг баримжаа ихэнхдээ бэлгийн бойжилтын насанд илэрдэг. Гадны нөлөөнөөс, жишээ нь: хүнд уруу татагдаж, эсвэл шохоорхож, сонирхсноос болж бэлгийн чиг баримжаа өөрчлөгддөггүй бөгөөд 1973 онд Америкийн сэтгэл зүйчдийн холбооноос ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн эмгэг биш болохыг тогтоосон ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1990 онд ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг олон улсын өвчний жагсаалтаас хассан байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2019 оны 5-р сарын 25-нд өвчний олон улсын ангиллыг шинэчлэх томоохон шийдвэр гаргасны дагуу  цаашид трансжендэр байдлыг “сэтгэцийн эмгэг” -ийн ангиллаас хассан.

Хүйсийн баримжаа төрөлхийн үү, олдмол уу? Хэзээ илрэх вэ?

Хүйсийн баримжаа нь хүн бүрийн өөрийн хүйс, биеэ мэдрэх гүн гүнзгий, төрөлхийн мэдрэмж учир хүүхэд бага наснаасаа үүнийгээ мэдэрч, илэрхийлж байдаг.

Хүйсийн баримжаа ихэнхдээ хүүхдийн бага насанд илрэх хэдий ч трансжендэр байдал илрэх тодорхой насыг заах боломжгүй. Хүйсээ төрсөн хүйстэйгээ ижил хэмээн мэдэрдэг, түүгээрээ нийгэмшдэг хүнийг сизжендэр гэдэг бол хүйсээ төрсөн хүйсээсээ өөрөөр эсвэл эсрэгээр мэдэрдэг, түүгээрээ нийгэмшдэг хүнийг трансжендэр гэдэг. Даавар болон мэс заслын аргаар шилжилтэд орсон хүнийг транссексуал гэнэ.

Монгол Улсын Засгийн газраас ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг ханган хамгаалахын тулд юу хийж байна вэ?

Монгол Улсын Засгийн газар ЛГБТИК+ хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулж тэдний эрхийг ханган хамгаалах ёстой талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болон Гэрээдийн хороодоос өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхээр хүлээн авсан байдаг. Энэ нь МУ-ын Засгийн газар ЛГБТИК+ хүний эрхийг ханган хамгаалах үүргээ Олон улсын өмнө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Хууль, эрх зүйн хувьд 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар бэлгийн болон хүйсийн баримжаа илэрхийлээс болж “ялгаварлан гадуурхах” явдлыг гэмт хэрэг болгон зүйлчилсэн.

ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг ханган хамгаалахын тулд цаашид юу шаардлагатай байгаа вэ?

Хүний эрх гэдэг нь хоорондоо харилцан хамааралтайтүгээмэлхуваагдашгүй гэсэн гурван цогц зарчимд суурилдаг. Нэг бүлэг хүмүүсийн хүний эрхийг нөгөө бүлэг хүмүүсийн эрхээс дээгүүр эсвэл доогуур авч үзэх ёсгүй. Тиймээс Эрүүгийн хуульд заасан дээрх “ялгаварлан гадуурхах” гэмт хэргийн тухай таниулан сурталчлах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх замаар иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх нь чухал байна. Хүн бүр ялгаварлан гадуурхагдахаас ангид байх эрхтэй бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэх ёстой. 

Монголд бэлгийн цөөнх хэдэн хүн байдаг вэ? Сүүлийн үед ЛГБТИК+ хүмүүс ихсээд байна гэж хүмүүс ярих юм?

Бэлгийн цөөнх нь ямар ч орны хүн амын 10% орчим байдаг гэсэн олон улсад хэрэглэгддэг нийтлэг жишиг тоо байдаг. Улс бүрт энэ тоо хэлбэлздэг нь тухайн оронд хүний эрхийг хэр дээдэлдэг, ЛГБТИК+ хүмүүс эрхээ эдлэх, нээлттэй амьдрах боломжтой эсэхтэй шууд холбоотой. Монгол улсын хувьд сүүлийн үед ЛГБТИК+ хүмүүсийн тоо ихсэж байгаа бус, өмнө нь нуугдмал амьдардаг байсан хүмүүс ил амьдарч эхэлсэнтэй холбоотой юм.    

ЛГБТИК+ эрхийг сурталчилснаар хүмүүсийг уруу татах юм биш үү? Чимээгүй байж болдоггүй юм уу?

Хүн болгон өөрийн насанд тохирсон мэдээллийг эрэлхийлэх, хүртэх, дамжуулах, түүнчлэн бусдын эрхэд халдахгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байдаг нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт болон бусад Монгол Улсын нэгдэж орсон олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажсан.

Нийгэмд байсаар байгаа буруу, ташаа ойлголтыг үнэн, бодит мэдээллээр л зүгшрүүлэх учир ЛГБТИК+ эрхийн тухай, ЛГБТИК+ хүмүүсийн өмнө тулгарч буй бэрхшээлүүд, бодит байдлыг ярих ёстой болдог. Мэдээлэл өгснөөр хүнийг уруу татна гэсэн ойлголт үүсэхгүй, учир нь бэлгийн чиг баримжаа төрөлхийн, өөрчлөгддөггүй зүйл. Харин мэдээлэлгүй байдлын хор уршиг нь маш олон зүйл дээр илэрдэг. Жишээ нь, ЛГБТИК+ өсвөр насныхан гэр бүлдээ бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа илэрхийлэх үед гэр бүлийн зүгээс төрөл бүрийн хүчирхийлэл амсаж байгаа нь нийгэмд бэлгийн цөөнхийн талаар мэдээлэл, ойлголт тун бага байгаатай мөн холбоотой.  

ЛГБТИК+ хүмүүсийн бодит түүхийг сонсох бол дараах холбоосоор зочлоорой: https://soundcloud.com/mqp-mongolia

“ЛГБТ Төв”-тэй холбогдох:

Утас: 77110323

Имэйл: info@lgbtcentre.mn

Фэйсбүүк хаяг: The LGBT Centre (Mongolia)

Вэб хаяг: www.lgbtcentre.mn


Эх сурвалж: Ikon.mn

Холбоотой мэдээ