Австралид эсрэг биет найман сарын дархлаа тогтоож байна

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2020-12-25 14:39:00

Австралийн эрдэмтэд цар тахлын эсрэг биеттэй болсон хүмүүс урт хугацааны буюу дор хаяж найман сарын турш халдвараас хамгаалагдаж байна хэмээн судалгааны үр дүнгээ танилцуулжээ. Мельбурнийн Монашийн их сургуулийн судлаачдын баг эсрэг биет дор хаяж найман сарын турш халдвараас хамгаалдаг болохыг тогтоосон байна. Судалгааны тайлан шинжлэх ухааны Иммунологи сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд “Тус судалгааны үр дүн бол эсрэг биетийн талаар хамгийн хүчтэй нотолгоо бөгөөд вакцин бол цар тахлын эсрэг үр дүнтэй зэвсэг мөн хэмээн үзэж байна” хэмээн бичжээ.


Үүнээс өмнө Covid-19 өвчний эсрэг биет хэдхэн долоо хоног, эсвэл сарын дараа алга болж байна хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Гэхдээ Австралийн эрдэмтдийн олж мэдсэнчлэн дархлааны системд байдаг Б эс вирусийн халдварыг “санадаг” бөгөөд дахин халдвар орж ирмэгц шинээр эсрэг биет үүсгэн тэмцэх чадвартай гэнэ. Судалгаанд цар тахлын халдвар авсан 25 өвчтөн оролцсон бөгөөд тэднийг халдвар авснаас дөрвөн хоногийн дараагаас эхлэн 36 удаа цусны дээж авч шинжилсэн байна. Хамгийн сүүлийн шинжилгээг халдвар авснаас 242 өдрийн дараа хийсэн гэнэ. Судалгааны үр дүнд эсрэг биет анх үүссэнээсээ 20 хоногийн дараа алга болсон бол Б эсийн санах ой дор хаяж найман сар хадгалагдаж байгаа нь батлагджээ.


Эл судалгааны үр дүн вакцинуудын хувьд нэн сайн мэдээ бөгөөд чухам яагаад маш цөөн тооны хүмүүс дахин халдвар авч байсныг тайлбарлах тайлбар мөн хэмээн судалгааны багийн ахлах гишүүн профессор Менно ван Зелм бичжээ. Өдгөө дэлхий даяар цар тахлын эсрэг хэд хэдэн вирус бүтээгдэн, туршилтаа амжилттай дуусгаж, зарим оронд дархлаажуулалтаа эхлүүлээд буй. Гэвч шинэ технологиор бүтсэн тэдгээр вакцинууд чухам хэр хугацаанд дархлаа тогтоох талаар тодорхой мэдээлэл хаана ч үгүй байсан юм. Харин шинэ судалгааны үр дүн дээрх асуултад эерэг хариулт өгч байгаа билээ.




Эх сурвалж: news.mn