Европын Холбоо вакцинжуулалтад бүрэн хамрагдсан Америкчуудад хилээ нээхээр төлөвлөж байна

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-04-27 12:33:00

Европын Холбооны орнууд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан Америкчуудад энэ зун хилээ нээхээр төлөвлөж байгааг Евро Коммиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өчигдөр мэдэгджээ.

Ийм шийдвэр гаргахад нэг талаас АНУ-д хүн амын вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа, нөгөө талаас Европын орнууд вакцины сертификаттай гадаадын иргэдийг хүлээж авах эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотой гэнэ.

Европын Холбооны 27 гишүүн орноос хамгийн түрүүнд Франц улс вакцины сертификатыг агаарын тээвэртээ хэрэгжүүлэхээр болжээ.

Агаарын тээврийг яг хэзээнээс эхлэн нээх болон бусад зохион байгуулалтын асуудлаар Вашингтон, Брюсселийн талууд одоо хэлэлцэж байгааг Урсула фон дер Ляйен өчигдөр Нью Йорк Таймс сонинд ярьсан байна.

Гэхдээ Европын Холбоо бүх гишүүн орнууддаа уг шийдвэрийг албадан хэрэгжүүлж чадахгүй тул зөвхөн зөвлөмж гаргах гэнэ. Улс бүр өөр өөрийн нөхцөл байдалд тааруулсан тус тусын журмыг гаргаж, хэрэгжүүлэх ажээ.

 

Эх сурвалж: Reuters,

Ikon.mn