Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалтад зориулсан 100 хоног байлаа

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-05-10 16:31:00

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 

-Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоны дараа хэвлэл мэдээллийн салбарынхантай нээлттэй ажиллана гэдгээ хэлсэн. Засгийн газар байгуулагдах цаг үе амар байсангүй. Зөвхөн Монголын хувьд биш дэлхийн хүн төрөлхтөний хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр сая гаруй хүнээ алдаж, цар тахлын өмнө өвдөг сөгдсөн амаргүй цаг хугацаа таарсан. Монгол Улс дотооддоо 10 сарын хугацаанд Covid-19 халдвар алдаагүй барьж чадсан. Засгийн газрын хувьд цар тахлын Азийн гурав дахь давалгаатай нүүр тулсан. Цар тахал нь эдийн засагтай урвуу хамааралтай байдаг учраас энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах нь дэлхийн бүх улс орны эдийн засагч, улстөрчдийн том сорилт байсан.

Эдийн засаг 5.3 хувь хүртэл агшсан цаг үе таарсан. Төсвийн алдагдал, ДНБ-ний эзлэх хувь 12.3 хувь болж, төсөв тасалдсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан 7.9 их наяд төгрөг Монголбанкин дээр гацсан. Арилжааны банкууд зээл гаргахаа больсон. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахаас айж, төлөвлөгөөгүй болж эхэлсэн. Тийм учраас зах зээл дээр байгаа бэлэн мөнгөний хомсдол үүсч, 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ Засгийн газар нүүр тулсан.

Ийм нөхцөл байдалд бид тооцоо судалгаатай ажиллахгүй бол болохгүй байсан. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн уур амьсгал биднийг угтсан, гадаа талбайд өлсгөлөн зарлаж жагсаал болсон нөхцөл байдал угтаж байв. Цар тахлын нөхцөл амаргүй, хөл хориог нийгмийн сэтгэлзүй хүлээж авахгүй нөхцөл байдалд байсан. Ер нь бол хөл хорио тогтоох бүрт халдварын тохиолдлын тоо багасдаг, сулрахаар нэмэгддэг. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Та бүхэнд нийт дөрвөн хөл хорионы үр дүнг харуулж байна.

Хэрэв хөл хорио тогтоогдоогүй байсан бол нэг сая орчим хүн халдварт өртөж, нас барсан хүний тоо 10 мянгад хүрэх эрсдэлтэй байсан гэдгийг ХӨСҮТ-өөс бидэнд хэлж байгаа юм. Олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэмтэн судлаачдын үг үнэн байж гэдгийг би өөр дээрээ ойлгож байгаа юм. Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоож, вакцинжуулалт хийж чадвал хамгийн зөв арга нь болно гэдгийг хэлсэн. Бид вакцины татан авалттай холбоотой хэлэлцээр хийж эхэлсэн.

ЦАР ТАХЛЫГ БОГИНО ХУГАЦААНД ДАВАН ТУУЛСАН ЭХНИЙ 10 УЛСЫН НЭГ БОЛНО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнүүдээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • Цар тахалгүй наадмаа тэмдэглэхийн тулд бид вакцинжуулалтад зайлшгүй хамрагдах шаардлага байна. Бид 12-18 насны иргэдээ дархлаажуулснаар вакцинжуулалт өндөр хувьтай гарна.
  • Файзер вакцинд залуучуудыг хамруулж, хичээлээ хугацаанд нь хийх зорилт тавьж хэлэлцээр хийж байна. Канад болон бусад улсын хувьд вакцинжуулалт эхэлсэн бол бидний хувьд ажиглаж, ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж байна.
  • Вакцинжуулалтаар бид дэлхийн эхний 10 улсын нэг болж чадсан. Ази, Зүүн Азид вакцинжуулалтаар тэргүүлэгч улсуудын нэг болсон. Энэ бол бидний цөөхөн хүн амтай улсын давуу тал байсан.
  • Үндсэндээ вакцинжуулалтад зориулсан 100 хоног байлаа.
  • 26 хоногийн хатуу хөл хорио тавих нь цаг хугацааны хувьд хамгийн зөв байсан гэж бидний хувьд тооцсон.
  • Өнгөрсөн 100 хоногийн онцлох ажил бол вакцинжуулалттай холбоотой асуудал байсан.
  • Засгийн газарт мөнгө байгаагүй. Тиймээс арилжааны банкны гацсан эх үүсвэрийг Засгийн газар дэмжих замаар яаж зах зээл рүү оруулах вэ гэдэг л бидний өмнө тулгарсан гол сорил болсон.
  • Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгох хоёр их наядын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлсэн. Хоёр их наядаар тооцвол бид 34 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ бол 100 хоногт чамлахааргүй үзүүлэлт.
  • Гурван хувийн хүүтэй зээл нийгэмд эрэлт үүсгэж байгаа учраас нэг их наяд нэмэгдүүлж, гурван хувийн хүүтэй зээл гурван жилийн хугацаатай гурван их наядын багц болж байгаа.
  • Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн ямар нэгэн шалгуурт Засгийн газар оролцохгүй байгаа.
  • Ипотекийн зээл, барилгын салбар зогссон үед ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл маш чухал болсон.
  • Эдийн засаг 2021 онд өсөлттэй гарахаар макро эдийн засгийн үзүүлэлтүүд гарч, дотоодын эдийн засаг тэлэх нөхцөл байдал үүсч эхэлж байгаа нь 10 их наядын хөтөлбөр үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.
  • 10 их наядын хөтөлбөр бол жингүйдэж унаж буй эдийн засгийг зөөлөн газардуулах зорилт. Тиймээс эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх боломж биш. Аль болох ажил олгогчдоо дэмжиж, ажилгүй иргэдийн тоог хязгаарлах зорилт тавьсан.
  • Хэрэв 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол 80-250 мянган орчим ажлын байр алдах нөхцөл рүү орох байсан.
  • Цар тахлын дараах нөхцөл байдлыг илүү амбицтай ярих цаг болж байна. Вакцинжуулалтын явц тооцсон хугацаанаас 11 өдрийн өмнө урагшилж, зах зээл нээгдэх боломжтой.
  • Цар тахлыг богино хугацаанд даван туулсан эхний 10 улсын нэг болно. Тиймээс одооноос бид том төслүүдээ зоригтой хөдөлгөх хэрэгтэй.
  • Цар тахлын дараа хэрэгжүүлэх 100 төсөл арга хэмжээг өнөөдөр аж ахуйн нэгж, иргэдэд зарлаж байна.

ХЭРЭВ 100 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДВАЛ ДОТООДЫН ЭДИЙН ЗАСАГ ГУРАВ ДАХИН ТЭЛНЭ

  • Алсын 2051 бодлого 2021 оноос хэрэгжиж эхэлж байна. Нэгдүгээр үе шат 2021-2030 он, хоёрдугаар үе шат 2031-2040, гуравдугаар үе шат 2041-2050 хугацаа байгаа. Том төсөл бол Засгийн газар дангаараа хэрэгжүүлж чадахгүй. Залгамж чанаргүй бол цаашаа явахгүй. Тиймээс зайлшгүй урт хугацааны бодлого хэрэгтэй. Засгийн газар бол бүх Засгийн газрын сайн бодлогын үргэлжлэл гэж бид итгэл төгс хэлэхийг хүсч байгаа юм.
  • Бидний хувьд том төслүүд болон ажил дээр улс төржихгүй байя гэсэн агуулгаар ажиллана.
  • 2021-2030 он хүртэл Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй түвшинд хүргэх томоохон 100 орчим төслийг нээлттэй зарлая. Төслийн эхний дөрөв, тавыг нь ч  Засгийн газар хийж, хэрэгжүүлж чадахгүй. Яагаад гэхээр зөвхөн Гашуунсухайтын төмөр зам долдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэх эх үүсвэр, Тавантолгой цахилгаан станц барих, газрын тосны үйлдвэрийн хоолойг барина, эрчим хүчний Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, ДЦС-V, ДЦС-III өргөтгөл, Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажлыг хийхэд Засгийн газрын нөөц дуусч байгаа юм.
  • 100 төслийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ эдгээр төслийг Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай биш.
  • Бид асуудлыг гүнзгий ярилцах цаг болсон байна. Өнөөдөр бид туйлын хариуцлагатай, туйлын үнэнээ ярьсан, туйлын ажил хэрэгч, туйлын үнэтэй байх 10 жил байгаа юм. Хэрэв энэ 10 жилийг бид алдвал цаашид Монгол Улсын төсөв бүрдэх эсэх тухай асуудал, одоо бид явуулж буй хавтгайрсан халамж хаана очиж дуусч ямар байдлаар газардах, бидний хувьд дутуу байгаа дэд бүтцээ нөхөж чадах уу үгүй юу. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа гаргаж чадах уу үгүй юу зэрэг олон асуудалтай 10 жилийн хугацаанд нүүр тулна. Тиймээс бид асуудлыг нэг, хоёр жилээр харах ямар ч боломжгүй.
  • Бид 100 төслөө нэг өдрийн өмнө ч гэлээ хэрэгжүүлэх нь чухал байна
  • Бид 100 хоногт уул уурхайн салбарт томоохон реформ хийхээр болсон.
  • Эрдэнэтэд бид зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр яаралтай барина. Газрын тосны үйлдвэр барихад гадагшаа алдаж буй урсгалыг илүү хяналтад оруулна.
  • Үндэсний баялгийн сан дээр хуримтлалын нэгдсэн сан байгуулж байж бидний хувьд баялаг илүү тэгш хүртээмжтэй, бэлэн мөнгөөр биш боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн, орон сууцны, бусад жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнест очих санхүүгийн механизмыг Норвеги болон Чили, Казахстаны загвар дээр тулгуурлан Хуримтлалын нэгдсэн сан байгуулах загвар гаргаж, хуулийн төслүүд 100 хоногт бэлэн болсон.
  • Би соёлын сайд Ч.Номинд “Соёлыг бизнесийн нүдээр хар” гэж хэлж байгаа. Бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хэмжээнд байх ёстой. “The Hu” хамтлаг шиг олон хамтлаг гарахад нь дэмжлэг үзүүлье, холливуудын кино Монголд кино хийхэд татварын дэмжлэг үзүүлье.
  • Бид хилээ нээж, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор аялал жуулчлалын салбар эргэлтэд орсноор агаарын тээврийн салбарыг либералчлалтай хамт нээнэ.
  • Эрүүл мэндийн салбарт хүн бүр жилд тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг байх цахим системийг нэвтрүүлнэ.
  • Эрүүл мэндийн салбарт гарсан томоохон өөрчлөлт бол бид гүйцэтгэлийн үр дүнд тулгуурласан цалингийн систем рүү шилжсэн. Вакцинжуулалт идэвхтэй байгаагийн нэг үзүүлэлт бол хүмүүс вакцин хийсэн тоогоор цалинжиж байгаа. Ингэснээр дарга нарт үйлчилдэг эмнэлгийн тогтолцоо өөрчлөгдсөн.
  • 100 төслийн 50 нь эдийн засгийн хүрээг тэлэх төсөл 25 нь амьдралын чанарыг сайжруулах төсөл, 25 нь засаглалыг сайжруулах шинэчлэл байгаа юм.
  • Засгийн газрын гишүүдэд бизнес болон эдийн засгийн байдлаар салбаруудыг хуваарилна. Жишээ нь, хамгийн их экспорттой болон эдийн засгийн харилцаатай байгаа БНХАУ-ыг Засгийн газар толгойлох нь зөв гэж үзэж байгаа юм.
  • Элчин сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг би хөндөхөөр ярьж байгаа. Төслүүдтэй холбоотой үр дүнгээр гүйцэтгэлийг үнэлнэ. АНУ-ын харилцааг Соёлын сайд Ч.Номин авч явах нь зүйтэй гэж үзэж байгаа.
  • Манай төрийн үйл ажиллагаа их ерөнхий байдаг. Тиймээс ерөнхийгөөс тодорхой байх зарчмыг баримтална.
  • Хэрэв 100 төслийг хэрэгжүүлж чадвал дотоодын эдийн засаг гурав дахин тэлнэ.

Эх сурвалж: news.mn