"Чимэгэ апп" Монгол Улсаа төлөөлөн цахиурын хөндийг зорих эрхээ авлаа

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-05-08 10:44:00

    Startup World Cup хэмээх дэлхийн хамгийн том технологийн гарааны бизнес шалгаруулах тэмцээнийг энэ жил Монголд анх удаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Pegasus Tech Ventures-тэй хамтран Exponential Partners, MCS Investment, Gund Investment гэх мэт үндэсний томоохон хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөл амжилттай зохион байгуулсан байна. Эхний 10-т шалгарсан багууд Монголын аварга шалгаруулах Startup World Cup Mongolia бүсийн тэмцээнд цахимаар өрсөлдөж ЧИМЭГЭ тэргүүн байранд шалгарчээ. Чимэгэ нь Монгол, Казак, Киргиз гэх мэт нөөц багатай хэлнүүдийн яриаг бичвэр, бичвэрийг ярианд хөрвүүлэгч дэлхийн анхны технологи юм. Тус технологийг ашиглан бүх төрлийн электрон хэрэгслийг хүний хэлсэн тушаалаар удирдах боломжтой болно. 2-р байранд Tab Solution компани орсон бөгөөд Tab Solution нь цагаачлал болон глобал HR-ийг DX хийх зорилготой HR tech стартап юм. Мөн 3-р байранд Erxes компани орсон. Erxes нь хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтыг дэмжих, маркетингийн автоматжуулалтын платформ юм.

    ЧИМЭГЭ тэргүүн байранд шалгарснаар 11 дүгээр сард Silicon Valley-н Сан Франциско хотод Монгол Улсаа төлөөлөн дэлхийн дэвжээнд 60 гаруй орны ялагчидтай өрсөлдөх эрхийг гардан авлаа. Мөн MCS Investment группийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын шагналын эзэн болжээ.