"Digital Nation" арга хэмжээнээс онцлох 10 бүтээгдэхүүн, үйлчилгээ

Мэдээ | Үйл явдал
2021-09-20 17:40:00

1. INTELMIND

Технологи суурьтай төсөл, компаниудыг амжилттай хөгжүүлж буй “IntelMind” групп тус арга хэмжээний үеэр өөрсдийн үүсгэн байгуулсан, хамтран байгуулсан, хөрөнгө оруулсан бизнесүүд болох "Shoppy.mn", цахим худалдааны "Zary" платформ, "Cody" бизнес платформ, "COINHUB" цахим хөрөнгийн бирж, аялал, амралтын "JoinMe" цахим платформ, "Mezorn", "Autoparts", "Systems" зэрэг компаниудынхаа үйл ажиллагааг нэг дор танилцуулсан юм. Үүгээр ч үл барам, тэд төв тайзнаас үзэсгэлэнг зорин ирэгсдэд хандан, сайн бизнес санаатай ч хөрөнгө оруулалтгүй байгаа хүмүүс болоод сайн багтай ч бизнес санаагаа олоогүй байгаа бизнес эрхлэгчдийг өөрсөдтэй нь нэгдэхийг урин, хэрэгтэй байгаа зүйлсээр нь тусалж чадахаа илэрхийлсэн нь онцлууштай үйл явдал байлаа. Мөн асраа үзэсгэлэнгийн "Хамгийн олон бэлэг, урамшуулалтай хэсэг" хэмээн тодотгож, үйл ажиллагаатай нь танилцахаар ирсэн үзэгчдэд люкс зэрэглэлийн байшинд амрах эрх, койн, аяллын ваучер зэрэг сонирхолтой бэлгүүдээс бэлэглэсэн юм.

2. ONDO

Дотоодын үүрэн телефоны оператор компаниудын тоо нэгээр нэмэгдэж байгааг мэдсэн үү? Энэ жилийн "Digital Nation" арга хэмжээний үеэр "Мобиком", "Скайтел", "Юнител", "Жимобайл" хэмээх чихнээ хоногшсон танил нэрсийн араас цоо шинээр "OНДО" хэмээх брэнд тун удахгүй нэмэгдэх гэж байгаа нь албан ёсоор ил болсон юм. Ирэх арваннэгдүгээр сараас утасны дугаар, үйлчилгээгээ танилцуулж эхлэх уг үүрэн телефоны оператор салбартаа хямд үнэ, өндөр хурдны дата үйлчилгээ, брэндингээрээ ялгарах гэнэ. Програм хангамжаа өөрсдөө бүтээж буй давуу талаа ашиглан 10 GB датаг ердөө 5,000 төгрөгөөр санал болгох бөгөөд энэ ондоо багтаж нийслэл хот болон бусад томоохон хотуудад дөрөв дэх үеийн LTE сүлжээг нэвтрүүлэхээс гадна хэдийн 5G технологийн туршилтаа хийгээд эхэлсэн хэмээн мэдэгдээд буй.

3. LOOKTV

3.0 хувилбараа саяхан танилцуулсан LookTV энэ удаагийн технологийн үзэсгэлэнд тун сонирхолтой тайз засал, сонирхолтой арга хэмжээнүүдийн хамтаар оролцлоо. Монголын хамгийн олон контенттой гэгдэж буй тус платформын шинэчлэгдсэн хувилбарын доторх функцууд нь өмнөх загвараасаа илүү ойлгомжтой, цэвэрхэн дизайнтай болсноос гадна дотоод гадаадын 180 гаруй сувгийг шууд болон ухраан үзэж, хадмалаа өөрийн хүссэнээр сонгож, утаснаасаа шууд ухаалаг зурагт руугаа холболт хийж, кино контентоо 1080 HD чанараар үзэж болдог болжээ. Энэ шинэчлэлтэйгээ холбоотойгоор тэд тайз заслаа тун ч сонирхолтой хийж, аварга Кинг Конг сармагчин, 360 градусын камер, нуурын үзэсгэлэнг тодотгох хөвдөг гэрэл зэрэг бүтээлч шийдлүүдийг боловсруулснаар барахгүй төв тайзан дээр Cosplay эвент зохион байгуулж, “Shang-Chi and the Legend of the Ten Rings” кинонд дүр бүтээсэн монгол жүжигчдийг авч ирснийг онцлохгүй өнгөрч болохгүй.

4. ZTE

Эдгээр өдрүүдийн ярианы гол сэдэв яах аргагүй 5G технологи байлаа. 4G технологиос 100 дахин хурдан интернэтийг санал болгох 5G нь 8К видео юм уу 3D киног ердөө гурван секундийн дотор л татаж чадна. Харилцаа холбооны "ZTE" компани хэрэглэгчдэд уг технологийг өөрийн биеэр туршиж үзэх боломжийг олгосон бөгөөд програм хангамжийн тусламжтай графикийг бодит байдалтай хослуулан, AR нүдний шилний тусламжтайгаар компьютер дээрх 3D өгөгдөлтэй танилцах VR технологиудыг оролцогчдод үзүүлж сонирхуулсан юм. Мөн тэд хиймэл оюун ашиглан бүтээсэн, 5G өндөр хурдны интернэтэд холбогдсон робот нохойг танилцуулсан нь үзэсгэлэнг зорин ирэгсдийн нүдийг хужирласан, сонирхолтой үйл явдлуудын нэг байсан юм.

5. SENDMN

Солонгос, Япон, Турк, Тайланд, Вьетнам зэрэг олон улс руу гар утаснаасаа валют шилжүүлгээ хийх боломжийг олгодог "SendMN" энэ удаагийн үзэсгэлэнд аппынхаа шинэчлэгдсэн хувилбар болон үйлчилгээний шинэ боломжуудаа танилцуулав. Ямар ч цаг үед буюу 24/7 шилжүүлэг хийх боломжтой уг аппын шинэчлэгдсэн хувилбарыг ашигласнаар шилжүүлэг хийхдээ эхний гүйлгээгээ шимтгэлгүй хийж, шаардлагатай мэдээллүүдээ сонордуулгыг тусламжтай цаг алдалгүй авах боломжтой болжээ.

6. ARD

"Digital Nation-2021" үйл ажиллагааны стратегийн түншээр ажилласан "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн асар үндсэн таван хэсэгт хуваагдаж байлаа: Шинэ хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл өгөх хэсэг, тоглоом тоглох хэсэг, валют арилжааны DAX платформын танилцуулах хэсэг, төрөл бүрийн эвент болох тусгай асар, тэгээд тэдний шинээр хөрөнгө оруулсан, Монголын анхны хувийн хөрөнгийн бирж болох шинэхэн "UBX" платформыг танилцуулах хэсэг.

Гурван өдрийн туршид туж эвентүүдтэй байсан цөөхөн асрын нэг нь "Ард"-ынх байсан юм. “Цахим хөрөнгө оруулагч үндэстэн”, “Цахим эрин дэх манлайлал”, “Ардын дараагийн зогсоол: Боломжууд ба Сорилтууд” зэрэг сонирхолтой хэлэлцүүлгүүд, "Google"-ийн програм хангамжийн ахлах инженер Б.Баттулгатай хийсэн "Meet the CEO" арга хэмжээ, "PechaKucha 20x20", “Quiz Night with ARD” эвэнтүүд, болон "Цахим алт" номын нээлт, “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлага, урлаг соёлын одод, уран бүтээлчдийн тоглолтууд гээд олон арга хэмжээ "Ард"-ын асрыг чимж байв.

7. HI-PAY

Бүх даатгалын компаниудыг нэгтгэсэн онлайн даатгалын үйлчилгээг санал болгож буй санхүү хэрэглээний "Hi-Pay" апп энэ удаа үйл ажиллагааны шинэчлэлүүдээсээ гадна зөөврийн "powerbank" түрээсийн үйлчилгээгээ албан ёсоор танилцуулсан юм. Хэрэглэгчдэд автобусны картаа онлайнаар цэнэглэх, хянах боломжийг анхлан олгосон тэд энэ удаагийн зөөврийн батарей цэнэглэгч түрээсийн үйлчилгээнийхээ 30 минутыг 500 төгрөгөөр үнэлжээ. Байгаа газраасаа батарей цэнэглэгчээ түрээслэн аваад хэрэглэж дууссаныхаа дараа үлдээж болох дурын газарт хүлээлгэн өгөх зарчимтай уг үйлчилгээ нь цааш цаашдаа залуусын өргөнөөр хэрэглэх үйлчилгээ болох нь гарцаагүй.

8. ТOMYO

Хаанаас ч, хэзээ ч дуртай сэдвийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлж, онлайн сургалт авах боломжийг олгодог "TomYo"-гийн залуус "Digital Nation"-ий үеэр "Сургалт хөгжлийн дижитал эрин үе" панел хэлэлцүүлгийг зохион байгуулж, "Skills Originals" хичээлүүдээ 50 хувийн хөнгөлөлттэй авах боломжийг зорин ирсэн үйлчлүүлэгчдэдээ олгосон юм. Үүгээр зогсохгүй, TomYo Class дээр супер шагналын сантай уралдаан зохион байгуулж ялагч болсон азтай хэрэглэгчээ нэрийн бэлгүүдээрээ урамшуулснаас гадна "Treasure hunt" буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хаа нэгтээ QR кодонд нуусан онцгой бэлгүүдийг азтай, овсгоотой хайгчдадаа бэлэглэлээ. Тэд энэ жил "Сургалт хөгжлийн дижитал эрин үед тавтай морил" хэмээх консепттойгоор "Digital Nation"-д оролцсон нь энэ юм.

9. HAPPY MESSY

Нэг сая монголчуудад эрүүл өөрчлөлтийг авчрах зорилготой “Happy Messy” апп тус үзэсгэлэнд бета энгийн загвараа танилцуулан оролцлоо. Одоогоор нийт 20 мянган удаа татагдсан бөгөөд өдөр тутам 11 мянган хэрэглэгчид технологийн тусламжтайгаар эрүүл, зөв дадалтай болоход нь тусалж байгаа аж. Өнгөрөгч долоодугаар сард эхний хувилбараа гаргасан уг апп тун удахгүй нэмэн сайжруулсан хоёр дахь хувилбараа гаргах гэнэ.

10. GERU

Хэдхэн өдрийн өмнө гар урлалын салбараас гарч буйгаа эргэлзээ, тээнэгэлзлээр дүүрэн хэлбэрээр мэдэгдээд байсан "GERU" апп цоо шинэ өнгө төрх, хэв маягтайгаар рибрэндинг хийж буйгаа зарлалаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гар урлал, өрхийн үйлдвэрлэл, и-коммерсын зах зээлд үйл ажиллагаа явуулсан туршлагатай "Гэрү"-гийнхэн одооноос дижитал арт чиглэлийн артистуудтай хамтран ажиллаж, тэдний уран бүтээлийг бодит бүтээгдэхүүн болгох, ингэхдээ хэрэглэгчийн захиалга, хүсэл сонирхолд нийцүүлэн загварчлах боломж бүхий платформыг бүтээх аж. "Илүү Мэдрэмжийг Илүү Хялбараар" хэмээх уриатай тэдний ирээдүйн төлөвлөлт NFT тийш хандах бололтой. Тэд Монголын хамгийн том буюу 70XL хэмжээтэй футболка, артист хэрэглэгчийг холбосон сонирхолтой шийдлээр өөрсдийн хэсгээ тохижуулсан байлаа.

Эх сурвалж: UNREAD

Холбоотой мэдээ