Эдийн засгийн хөгжлийн яамны хийх эхний ажил нь форум зохиох

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2022-02-28 13:38:00

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан. Тус яамыг түр хугацаагаар давхар хариуцуулахаар Сангийн сайд Б.Жавхлан, яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргал нарыг томилсон.

Тэгвэл тус яамны хийж гүйцэтгэх эхний томоохон ажил нь хоёр жил тасалдсан Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах болж байна. Тус форумыг “Шинэ сэргэлтийн бодлого-Монголын эдийн засгийн чуулга уулзалт” нэрийн дор ирэх дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдөр хийхээр товлосон. Форумын ажлын хэсгийн ахлагчаар Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлангаар ахлуулах захирамж гаргаж байна.

Хурлын товыг Засгийн газрын Лхагва гаригийн /2022.2.23/ хуралдаанаар  шийдвэрлэсэн юм.

Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Макро эдийн засгийн бодлого, төлөвлөлт, Бүс нутаг, аж үйлдвэр, инновацын нэгдсэн бодлого, төлөвлөлт, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын бодлого, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Худалдаа, эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгжүүдээс бүрдсэн нийт 7 газар, 8 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Мөн  Засгийн газрын тохируулагч – Үндэсний хөгжлийн газрыг татан буулгаж, Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлсэн.

Эх сурвалж: news.mn

Холбоотой мэдээ