Шинжлэх ухааны ажилтны өдөр 2018 оны 11 сарын 21-23 өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Мэдээ | Лабораторийн үйл ажиллагаа
2018-11-26 09:50:00

    Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 тоот тогтоолын дагуу  шинжлэх  ухааны салбарын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг  жил бүрийн 11 сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулж, албан ёсны үйл ажиллагаа "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгээр эхэллээ. Эрдэмтэн, судлаачид инновацийн үзэсгэлэнгээрээ дамжуулж шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо дэлгэн танилцуулахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах худалдан авалтаар дэмжих зорилготой юм.


    СТӨ-ний Уран зургийн галерейд ажиллах үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна хүрээлэн, их сургуулийн дэргэдэх 25 гарааны компани, Засгийн газрын хэрэгжүүлэгч 4 агентлагхувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч, улсын нэгдсэн 3-р эмнэлэг, мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч ICT групп, “Шинжлэх ухаанч хүүхэд” төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч “Дүүдүү” байгууллагын төлөөлөл зэрэг Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч 120 байгууллага 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцсон. Уг арга хэмжээнд:

1. Гурван найрлагат орхойдойн бэлдмэл
2. Пробиотик бэлдмэл
3. Хатаасан ингэний сүү
4. Мазаалайн тэжээл
5. Хатаасан үхрийн мах
6. Хөлдөөж хатаах аргаар боловсруулсан аньс, нэрс, чацаргана
7. Хонхот цай зэрэг бүтээгдэхүүнээрээ Молекул биологийн хэрэглээний лаборатори оролцлоо.