“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ эхэллээ

Мэдээ | Үйл явдал
2018-05-07 17:44:00

    “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр БСШУСЯ-нд боллоо. Энэхүү арга хэмжээ нь олон улсын туршлага, дэлхий нийтийн жишгийн дагуу инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, түншлэл, төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2015 оноос өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй. Энэ жилийн арга хэмжээг БСШУСЯ, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГШУТСан, ШУА, МҮХАҮТШУТИС тэргүүтэй долоон их, дээд сургууль болон “Монголын залуу эрдэмтдийн холбоо” төрийн бус, байгууллага, гарааны бизнес эрхлэгч компаниуд хамтран зохион байгуулж байна.

    “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний эхний өдөр “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал ШУА дээр болсон юм. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг угтсан техник, технологид Монгол Улс хэрхэн бэлтгэж, угтан оролцох вэ гэсэн асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн. Дэлхийн хөгжлийн чиг хандлага, шинээр бий болж байгаа технологиос Монгол Улс хоцрохгүй, зэрэгцэж хөгжихийн тулд эрдэмтэн судлаачдад энэ талаар ойлголт өгөх, технологийг хөгжүүлэх, боловсон хүчнээ бэлтгэх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах зэрэг сэдвийн хүрээнд хурал болов. Энэ арга хэмжээ нь залуу боловсон хүчин, эрдэмтэн судлаач, инженер, зохион бүтээгчдийн үйл ажиллагааг  уялдуулж ажиллахад ихээхэн ач холбогдолтой юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх Б.Ганбат “Сүүлийн жилүүдэд инновацийн асуудлыг эрчимтэй ярих болсон. Хууль эрх зүйн орчин, бодлогын баримт бичиг, хөтөлбөр, дүрэм журмыг боловсруулж байгаа. Хамгийн гол нь, өндөр технологи, инновацтай холбоотой хувийн хэвшлийн идэвх сэргэж байгаа нь сайшаалтай. Тиймээс энэ жилийн инновацийн 7 хоногийн хүрээнд хувийн хэвшлийг оролцуулсан олон арга хэмжээ төлөвлөсөн” гэв.

    Дараагийн нэг онцлох арга хэмжээ нь Дархан-Уул аймагт анх удаа болж буй “ХАА-н технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэн юм. Эдийн засгийн гол салбаруудын нэг болох хөдөө аж ахуйн салбарт инновацийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил олон байдаг бөгөөд тэдгээрийг олон нийтэд танилцуулах үзэсгэлэн гаргаж, цаашид хувийн хэвшилтэй хэрхэн хамтарч ажиллах гарц, шийдлийг хайх арга хэмжээг орон нутагт зохион байгуулж буйгаараа энэ удаагийн долоо хоногийн онцлог болж байна. Түүнчлэн гарааны бизнесийг дэмжих  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтын оффисуудын нэгдсэн чуулга –уулзалтыг энэ сарын 12-нд “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд анх удаа санаачлан зохион байгуулах гэж буйгаараа мөн онцлог болж байна. Энэ удаагийн чуулганыг олон улсад амжилттай яваа хамтын оффисуудын үүсгэн байгуулагчид болон Ази Номхон далайн Хамтын оффисуудын холбоотой (CAAP https://www.coworkingasiapacif... ) хамтран зохион байгуулахаар болсон. Энэ мэтчилэн “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд өрнөх үйл явдлуудыг доорх хөтөлбөрөөс харна уу.

“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ:

2018. 05. 08,  Мягмар, 8.30-14.00, “ИННОВАЦИЙН ТҮНШЛЭЛ -ХӨГЖЛИЙН ГАРЦ-2018” Чуулган, ШУТИС, Төв байр, “Урлаг” танхим, 3 давхар

Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын их сургууль, ЭШБ болон аж үйлдвэр, хувийн хэвшлийн түншлэл, Төр, хувийн хэвшил, Их, дээд сургууль, ЭШБ-ын ШУТ, инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх  боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.

2018. 05. 08-09,  Мягмар- Лхагва 9.00-15.00, “ХАА-н ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018” Форум, үзэсгэлэн,  Дархан-Уул аймаг, Залуучууд театр

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй  ААНБ, Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааны үр дүн, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд танилцуулах ба ШУТ, инновацийг хөгжүүлэх, төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн инновацийн түншлэлийн  өргөжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ.

2018. 05. 09,  Лхагва, 10.00-16.00,  “ICIED-2018: ЗАЛУУ СУДЛААЧДЫН  “BPA-2018”ЭШ-ний бага хурал, ШУТИСШУТТНС, 604 танхим

Гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор-оюутнууд судалгааны ажлын үр дүнг танилцуулах, эрдэм судлалын бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох ба залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулна.

2018.05.10, Пүрэв, 10.00-16.00,  ICIED-2018: INTERNATIONAL CONFERENCE ON INNOVATION & ENTREPRENUERSHIP DEVELOPMENTОлон улсын эрдэм шинжилгээний бага хурал,  ШУТИСШУТТНС, 604 танхим

Мэдлэгийн эдийн засаг, ШУТ, инновацийн хөгжлийн олон улсын туршлага, Монгол улсад ШУТ, инновацийг хөгжүүлэх  боломж, ҮИТ бүрдүүлэгч талуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ба ирүүлсэн бүтээлүүдэд  мэргэжлийн хянан магадалгаа хийж,  “Менежмент ба Инноваци” ЭШ-ний сэтгүүлд нийтэлнэ.

2018.05.11, Баасан, 09.00-18.00,  ICIED-2018: СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ-2018” ЭШ, онол практикийн бага хурал, МУИС-ийн Төв номын сан

Соёлын бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэл, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, соёл урлагийн байгууллагын менежмент маркетингийн чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг явагдана. 

2018.05.11-12, Баасан-Бямба, 09.00-18.00, “ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018”, UB Innovation center

ААН байгууллага, компаниуд болон Их, дээд сургууль, ЭШБ--ын инновацийн үйл ажиллагааны үр дүн, оюуны бүтээл, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга,  үзэсгэлэн, худалдаа

2018.05.12,  Бямба, 09.00-17.00,  “Co.Mo UNCONFERENCE-2018”, UB Innovation center

Гарааны бизнесийг дэмжих  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хамтын оффис-

“Co-working space”-үүдийн нэгдсэн чуулга –уулзалт

2018.05.11, Баасан-Ням, 09.00-18.00, Залуучуудын гарааны бизнесийн   “START-UP WEEKEND”, МТҮП, Хурлын танхим

Нийслэлийн залуучууд, их дээд сургуулийн оюутнуудын дунд Гарааны бизнесийн шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээ явагдана.

2018. 05. 12-13,   Бямба- Ням,   “СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ,  ХААЛТ”

Олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалыг  танилцуулах соёлын арга хэмжээ зохион байгуулна.

Эх сурвалж: БСШУСЯ