Лаборатори хоорондын харьцуулах шинжилгээ

Мэдээ | Лабораторийн үйл ажиллагаа
2019-02-01 16:06:00

    Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори нь судалгаа, шинжилгээний ажлын чанар, үр дүнд хяналт тавих, лабораторийн шинжээчдийн ур чадварыг сорих, дээшлүүлэх зорилгоор лабораторит голчлон хийгддэг 3-4 нэр төрлийн шинжилгээн дээр Лаборатори хоорондын харьцуулах шинжилгээг жил бүр зохион байгуулж байна.

    Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS/IES 17025:2018 стандартын 7.7.1 заасан зүйл заалтуудыг үндэс болгон лабораторийн гадаад аудитын хяналтыг харилцан хэрэгжүүлэх зорилгоор уг ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд, хамтран зохион байгуулах лабораториор, MNS ISO/ IEC 17025 стандарт шаардлагыг хангаж Стандартчилал хэмжил зүйн газрын итгэмжлэл бүхий Хүнсний Эрдэм Шинжилгээ Үйлдвэрлэлийн “Само” институтын Хүнсний шинжилгээний нэгдсэн лаборатори болон Технологийн дээд сургуулийн Биохимийн итгэмжлгэдсэн лаборатори зэрэг лабораториудтай гэрээ байгуулан, 2017, 2018 онд жилд 2 удаа төлөвлөгөөний дагуу “Лаборатори хоорондын харьцуулах шинжилгээ”-г зохион байгуулж, шинжилгээнүүдийг зэрэгцээгээр хийж гүйцэтгэлээ.

    Үр дүнгийн чанар хангалт буюу харьцуулах шинжилгээний дүгнэлтээр лаборатори хоорондын шинжилгээний зөрүү 1% -ээс ихгүй байх шаардлагад нийцэж, Хангалттай сайн гэсэн үнэлгээг шинжилгээний үзүүлэлт тус бүр дээр авсан.

    Цаашид манай лабораторитой шинжилгээ судалгааны ажлын чанар, үр дүнг бататган, сайжруулах зорилгоор Лаборатори хоорондын харьцуулах шинжилгээ хийх, туршилт судалгаагаар хамтран ажиллахыг урьж байна. Манай үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.