БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар хотын удирдлагуудтай уулзлаа

Мэдээ | Үйл явдал
2019-02-19 17:16:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.ГанбаярБарилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

БСШУС-ын сайдын А/69 тоот тушаалаар төсвийн хөрөнгөөр сайдын багцад батлагдсан барилга, зарим угсралт, өргөтгөл, их засвар, гадна тохижилтын ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх эрхийг төсвийн төвлөрүүлэн захирагч буюу аймаг нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлсэн.

Ингэснээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид энэ онд боловсрол, соёл, спортын салбарын 49 шинэ ажил арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх шилжсэн. 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэх юм. 2018 оноос он дамжсан 99 төсөл арга хэмжээ байгааг дурдаж байна.

Сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэн өгөхөөр холбогдох албаны хүмүүс ажлаа эрчимжүүлэхийг  салбарын сайд үүрэг болголоо. Мөн газар чөлөөлөлт, концессын гэрээгээр гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд нухацтай хандаж, харилцаа холбоотой ажиллахыг санууллаа.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн ч салбарын хөрөнгө оруулалтын ажил манай яамны энэ онд барьж ажиллах тэргүүлэх 3 чиглэлийн нэг байх болно. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан  “2019 оны есдүгээр сарын 1 гэхэд гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, хяналт тавьж, гүйцэтгэлийг шаардаж ажиллах болно.  Сар бүрийн 5-ны дотор гүйцэтгэлийн тайлан дүнг, нэгтгэн олон нийтэд мэдээлэх болно. Гүйцэтгэлийн хоцрогдолтой байгаа ажлыг хариуцаж байгаа газар, албан тушаалтантай нь хамт зарлана” гэлээ.

                                                                                                   БСШУСЯ