ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Мэдээ | Үйл явдал
2019-04-22 09:55:00

Нэг. Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага
Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төслийг боловсруулах дараах хууль зүйн болон практик шаардлага байна.
1.1. Хууль эрх зүйн үндэслэл
Монгол Улсын Их Хурлын 2017 онд баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 11 дүгээр тогтоолын 6.63 дахь заалтад “Шинжлэх ухааны паркийн тухай хуулийг боловсруулж, батлуулах”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.29 дэх заалтад “Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох,...” гэж; 3.2.30 дахь заалтад “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж, инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ” гэж; 3.2.31 дахь заалтад “Шинжлэх ухааны салбар, эрдэмтэд, хүрээлэнгүүдтэй хамтран шинэ технологи нэвтрүүлсэн хувийн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах механизм бий болгоно” гэж; 3.2.36 дахь заалтад “Салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ” гэж тус тус заасан.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-д “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх эдийн засаг, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр инноваци, инновацийн сан, венч хөрөнгө оруулалт, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх болон бусад эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” гэж, Засгийн газрын 2007 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний Стратеги 1.4 дэх хэсэгт “Их сургуулийн болон шинжлэх ухааны төрөлжсөн хотхон, кампус байгуулахыг төрөөс дэмжин хэрэгжүүлэх” гэж, Стратеги 2.3 дахь хэсэгт “Инновацийн үйл ажиллагааны үйлдвэрлэл-технологийн дэд бүтэц (технопарк, инноваци-технологийн төв, бизнес-инкубатор, технологи дамжуулах төв зэрэг)-ийг хөгжүүлэх” гэж, Стратеги 4.2 дахь хэсэгт “Инновацийн “идэвхжилтэй бүс” (шинжлэх ухааны хотхон, технологийн парк, эдийн засгийн чөлөөт бүс) бий болгон хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх” зэрэг зорилтыг тс тус дэвшүүлсэн.
2
Дээр дурьдсан хууль, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан төрийн бодлогын баримт бичгүүдэд туссан зорилт нь хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болно.
1.2.Практик шаардлага
Дэлхийн улс орон болон хөрш орнуудын хувьд шинжлэх ухааны парк байгуулах, инноваци, энтрепренершип, мэдлэгт суурилсан гарааны бизнесийг дэмжих томоохон бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж, нилээд үр дүнд хүрч байна.
Манай улсын хувьд байгалийн нөөц баялгийн харьцангуй давуу байдалд түшиглэн дунд болон урт хугацаанд өсөн нэмэгдэж буй дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр шинжлэх ухааны паркийг байгуулах нь зүйтэй.
Шинжлэх ухааны парк байгуулах нь шинжлэх ухаан-үйлдвэрлэл-бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нөгөөтэйгүүр нийгмийн захиалга, шаардлага, хөгжлийн бодит гарц болоод байна.
Монгол Улсад 1963 оноос өнөөг хүртэл шинэ бүтээлийн 4600 патент, ашигтай загварын 2792 гэрчилгээ, 2711 бүтээгдэхүүний загварт эрхийн хамгаалалт хийгдсэн ч үүнийг аж үйлдвэрт нэвтрүүлэн бодит бүтээгдэхүүн үйлчилгээ болгож, орлого болгон хувиргах үйл ажиллагаа, үйлчилгээ, дэд бүтэц шаардлагатай байна.
Хуулийн төслийн хэрэгцээ шаардлага болон тандан судалгааны дүгнэлтээс харахад шинжлэх ухаан-үйлдвэрлэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хангалтгүй гэж дүгнэсэн байна.
2012 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Инновацийн тухай” хуулийн 4 дүгээр бүлэгт “Шинжлэх ухааны парк”-тай холбоотой 4 зүйл, 10 хэсэг, 22 заалт бүхий зохицуулалтыг тусгаж өгсөн хэдий ч паркийн үйл ажиллагааны зорилго, үйл ажиллагаанд баримтлах зарчим, шинжлэх ухааны паркид тавих шаардлага, паркийн удирдлагын чиг үүрэг, паркийн нутаг дэвсгэрт явуулах үйл ажиллагааны чиглэл зэргийг хэт ерөнхий зохицуулсан, хууль хэрэгжих боломж, нөхцөл болон түүнд заасан удирдлага зохион байгуулалт, эрх үүргийн хуваарилалтыг жигд, тогтвортой хангах, шаардлагатай дэд бүтцүүдийг бий болгох, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж шинжлэх ухааны паркийн хэвийн тогтвортой үйл ажиллагааг цогцоор нь хангах практик шаардлага байна:
1. Зорилгыг илүү нарийвчлах /Шинжлэх ухааны парк нь судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтэц, татвар, хүний нөөцийн тааламжтай нөхцөл бүрдүүлсэн засаг захиргаа-эрх зүйн тусгай статус бүхий нэгж байхаар зохицуулах/
2. Дэд бүтэц болон тоног төхөөрмжтэй холбоотой харилцааг зохицуулах /газар төлөвлөлтийн асуудал, бизнест зориулсан чанартай байр, тоног төхөөрөмж,
3
албан байгууллагын орчин, үйлчилгээний төв, инкубаторын тоног төхөөрөмж, нарийн тоноглогдсон лаборатори г.м/
3. Гол оролцогчдын харилцаа холбоо, эрх үүрэг /Засгийн газар, Их сургуулиуд, судалгааны лабораториуд, бизнесийн байгууллагууд буюу үйлдвэрлэгчид, банк санхүүгийн байгууллагууд, маркетинг менежментийн үйлчилгээ үзүүүлэгч байгууллагууд г.м/
4. Үйлчилгээний хүрээ хязгаарыг тогтоох /Үндсэн үйлчилгээ болон бусад үйлчилгээ, паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах компанийн бизнес төлөвлөгөө нь паркийн үйл ажиллагаа онцлогтой нийцсэн байх, гол бодлоын баримт бичигт тусгагдсан тэргүүлэх чиглэлүүдийг зааж өгөх, тодорхой төрлийн үйл ажиллагааг шууд хориглох буюу хязгаарлалт тогтоохтой холбоотой харилцаа/
5. Шинжлэх ухааны паркийн удирдлага зохион байгуулалт бүтэцтэй холбоотой харилцаа /компанийн хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийг сонгох “, шинжлэх ухааны паркийн өмчлөл, өмчийн хэлбэр / хувийн болон улсын өмчит ХК, ХХК, ТӨҮГ /, паркийн тогтолцоо, түүнийг үүсгэн байгуулах, удирдлага зохион байгуулалттай холбоотой зохицуулалт ... г.м/
6. Шинжлэх ухааны паркид тавих гол шаардлагууд /Бизнес инкубатор, их сургууль, бизнес олон нийтийн гурвалсан түншлэл, тээвэр сүлжээ, дэмжлэг үзүүлэх байгууллагууд, барилга байгууламж, татвар хөнгөлөлттэй холбоотой уян хатан байдал, технологийн дэд бүтэц, олон нийтийн оролцоо г.м/
7. Инновацийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд шинжлэх ухааны паркийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тодорхойлохдоо парктай холбоотой нэр томьёо, шаардлагатай дэд бүтэц, паркийн үйл ажиллагааг бүрэн хамруулаагүйн зэрэгцээ холбогдох хууль тогтоомжтой уялдуулаагүй;
8. Инновацийн тухай хуулийн 20 дугаар зүйлд шинжлэх ухааны паркийн чиг үүргийг дутуу томьёолсон /Шинжлэх ухааны паркийн харилцаанд оролцогчдыг бүрэн хамраагүйгээс гадна төрийн эрх үүргийн хуваарилалтыг тусгаагүй/;
9. Инновацийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд паркийн эрхлэх үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан томьёолоогүй, зөвшөөрөгдөх болон, эс зөвшөөрөгдөх үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй, хэн, ямар үйл аижллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг тусгаагүй;
10. Дээрх 4 зүйлд бүрэн тусгаагүй асуудлаас гадна паркийн тогтолцоо, өмчийн хэлбэр, харилцаа, хэн үүсгэн байгуулах, парктай холбоотой нэр томьёо, дэд бүтцүүд, паркийн харилцаанд оролцогчид, тэдгээрийн эрх үүрэг, дэмжлэг үзүүлэх, тогтвортой хэвийн үйл ажиллагааг хангах, паркийн эдийн засаг, төлөвлөлт, санхүүжилт, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчид, паркийн үйл ажиллагаанд хориглох хэм хэмжээтэй холбоотой эрх зүйн зохицуулалтууд тусгагдаагүй зэрэг хүндрэлүүд тулгарч байна.
Үүний зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн ололт дэвшлийг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлж, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлэх хэрэгцээ байна.
4
Иймд шинжлэх ухааны паркийг байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дараах зарчмыг үндэс болгох нь зүйтэй. Үүнд:
1. Эдийн засгийн шинэ сектор, шинэ зах зээлд чиглэсэн зорилго, Нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, холбогдох хууль тогтоомжид чиглэсэн;
2. Монгол улсад хот төлөвлөлт хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа тул хот төлөвлөлт, хүн амын суурьшлын бодлоготой уялдуулсан;
3. Уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт улс орны одоогийн гадаадад гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн боловсруулалтын хөгжлийн түвшинг харгалзсан;
4. Дэвшилтэт, өндөр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн байхаас гадна улс орны шинжлэх ухаан, технологи, инновацийн тэргүүлэх чиглэлд баримжаалсан;
5. Тодорхой салбар, чиглэлийн эрдэм шинжилгээ, техник, технологийн мэдээлэл, хүний нөөц, тоног төхөөрөмжийн кластерийг бий болгоход чиглэсэн;
6. Паркийн удирдлага, хөрөнгө оруулагчид нь хөрөнгө оруулалт татах оруулах, эдийн засаг, татварын таатай нөхцөлийн дагуу гарааны компаниудыг бойжуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байхаар холбогдох зохицуулалтыг хуулийн хүрээнд тусгаж өгөх шаардлагатай.
Хоер. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа,
хамрах хүрээ
Хууль санаачлагчийн зүгээс шинээр боловсруулах Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нийгмийн харилцааны төлөв байдал, тулгамдсан асуудлыг судалсны үндсэн дээр шинээр үүссэн харилцааг нарийвчлан хуулиар зохицуулах шаардлагтай гэж үзсэн тул анхдагч хуулийн төсөл хэлбэрээр боловсруулна.
Хуулийн төсөл нь 6 бүлэгтэй бөгөөд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгана.
Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн зорилго, зорилт, хамрах хүрээ, хуулийн нэр томъёо, шинжлэх ухааны паркийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг; Хоёрдугаар бүлэгт шинжлэх ухааны паркийн үйл ажиллагаанд оролцогч болох Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, засаг дарга, их сургуулиуд болон бусад оролцогч нарын чиг үүрэг болон удирдлага, бүтэц, зохион байгуулалтын харилцааны зохицуулалтыг; Гуравдугаар бүлэгт паркад тавих гол шаардлага, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зохион байгуулалт, паркийн эдийн засаг, санхүүжилт, хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг, хяналт тавихтай холбоотой харилцааг; Тавдугаар бүлэгт Шинжлэх ухааны паркийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх тухай зохицуулалтыг тус тус тусгана.
5
Гурав. Хуулийн төсөл батлагдсанаар үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Хууль батлагдсанаар шинжлэх ухааны парк байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаа, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалтын таатай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ үйлдвэржүүлэлт болон технологийн дэвшил, инновацийн хөгжлийг цогцоор нь хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, оролцогч талуудын хамтын түншлэлд суурилсан бизнесийн таатай орчин бэхжин хөрөнгө оруулалт, эдийн засгийн тэлэлт бий болох эрх зүйн тогтвортой орчин бүрдэнэ.
Орон нутгийн хөгжил, хүн амын суурьшилд эерэг нөлөө үзүүлж, хэт төвлөрлийг сааруулах, шинэ орчин бүхий суурьшлын бүс бий болох суурь тавигдана.
Шинжлэх ухааны паркийг түшиглэн эрдэмтэн судлаачдын судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад гарааны компаниудыг бойжуулах, тэдгээрт ажиллах зах зээлийн шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэхжүүлэх суурь нөхцөл бүрдэж, улмаар шинжлэх ухаан, инноваци, аж үйлдвэр, хөгжлийн нэгэн загвар хот болох боломж бүрдэнэ.
Шинжлэх ухааны парк байгуулагдсанаар үндэсний компаниуд хүчин чадлаа нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа хөгжүүлэн олон улсын зах зээлд өрсөлдөх, шинээр бий болох ажлын байр, мэргэшсэн ажилтны тоог нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах замаар бүс нутгийн хөгжилд ахиц дэвшил гарахын зэрэгцээ эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал баталгаажих замаар Монгол улсын эдийн засаг, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт гарч, олон эерэг үр нөлөөг авчирна.
Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын болон олон улсын гэрээ, бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль тогтоомжийн талаарх санал
Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр бусад хууль тогтоомжид бүрэн нийцнэ.
Шинжлэх ухааны паркийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Инновацийн тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Гаалийн тарифын тухай хууль, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд ... холбогдох өөрчлөлт оруулна.


Та бүхэн Саналаа Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Намчинсүрэнгийн е-майл хаягт ирүүлнэ үү /namchinsuren@mecs.gov.mn/


Эх сурвалж: БСШУСЯ