Аливаа улс орны хөгжлийн түвшин нь инновацийн үзүүлэлтээр тодорхойлогддог бөгөөд үндэсний инновацийн үзүүлэлтийг сайжруулахад шинжлэх ухаан, технологи, инновацийн паркуудыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг.
Боловсрол Шинжлэх Ухааны Яам болон Шинжлэх ухааны паркийн захиргаанаас НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага хурал (UNCTAD) байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийг дэмжсэн шинжлэх ухаан, технологи, инновацийн паркуудыг хөгжүүлэх нь: бодлогын болон мэргэжлийн экспертүүдийг бэлтгэх” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү төсөл нь 2023-2026 оны хооронд хэрэгжих бөгөөд төсөлд Ази, Африкийн 4 улс хамрагдах юм. Уг төслийн хүрээнд шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх бодлого боловсруулагчид болон паркийн менежерүүдийг чадавхижуулан, шинжлэх ухааны паркийг амжилттай хэрэгжүүлж буй гадаад улс орнуудын паркуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, мэдлэг туршлага солилцоно. Уг төслийг хэрэгжүүлснээр манай улсад шинжлэх ухааны паркуудыг хөгжүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд шинжлэх ухааны паркуудад гарааны компани бойжуулах, тенант байршуулах, инновацийн үр дүнг үнэлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах гэх мэт үйл ажиллагааг бодлогын уялдаатайгаар удирдан, зохион байгуулах чадамжийг дээшлүүлэх өндөр ач холбогдолтой юм.