2025 оны 9 дүгээр сарын 15–18-ны өдрүүдэд БНСУ-ын Тэжон хотноо “Startup Korea Investment Week” (SIW) арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь Солонгосын гарааны бизнесийн экосистемийг олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож, инновацын төслүүдийг зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү арга хэмжээнд Израйл, Испани, Хятад, Тайланд зэрэг 40 орны хөрөнгө оруулагчид болон стартап оролцсон.
Монгол Улсын талаас Шинжлэх ухааны паркийн захиргаа, “Сократус студио” ХХК, “Инно Хаб” болон мэдээлэл технологи, инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компаниудын төлөөлөл, төр хувийн хэвшлийн төлөөлөл 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Арга хэмжээний үеэр Шинжлэх ухааны паркийн захиргаа, БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-тэй хамтран жил бүр зохион байгуулдаг “Pitch to Partnership 3”- хөтөлбөрт шалгарсан 10 гарааны компани өөрсдийн хөгжүүлсэн инноваци технологи шингээсэн бизнес төслөө Солонгосын хөрөнгө оруулагчдад танилцуулж, түншлэл бий болгох, хөрөнгө оруулалт татах боломжоо өргөжүүлэв. Энэ нь гарааны бизнесүүдийн хувьд олон улсын хөрөнгө оруулагчидтай шууд холбогдох, зах зээлд өрсөлдөх чадавхаа нэмэгдүүлэхэд чухал алхам болсон юм.
БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-ийн захирал Парк Дае Хэ хэлэхдээ: “Startup Korea Investment Week бол Солонгосын гарааны бизнесүүдийг дэлхийн зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хамгийн чухал платформуудын нэг юм. Бид энэхүү арга хэмжээгээр дамжуулан олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, Солонгосын инновацыг дэлхийд түгээх зорилготой.” гэж онцлов.
“Startup Korea Investment Week” 2025 нь зөвхөн хөрөнгө оруулалтын уулзалт бус, харин гарааны бизнесүүдийн шинэлэг санаа, дэвшилтэт технологийг харуулах, хамтын ажиллагаа өрнүүлэх чухал талбар болсон бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.