Захирлын мэндчилгээ

 ШИНЖЛЭХ УХААНЧААР  ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ  ГҮҮР НЬ БИД БАЙХ БОЛНО.

Эрхэм зочид, судлаачид, инновац бүтээгчид ээ, Шинжлэх ухаан, технологийн ололт нь зөвхөн лабораторид үлдэж, эрдэм шинжилгээний өгүүлэл болоод зогсохгүй эдийн засгаа сэргээх хөшүүрэг болдог цаг үед бид амьдарч байна. Бидний зорилго бол Монгол эрдэмтдийн судалгааны үрээр бий болсон оюуны бүтээлийг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц өндөр технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах явдал юм. "Шинжлэх Ухааны Паркийн Захиргаа" нь Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлоох үндсэн дэд бүтэц, "оюуны гүүр- цөм " болон ажиллаж байна. Бидний амжилтыг зөвхөн барьсан барилга, авсан тоног төхөөрөмжөөр хэмжихгүй. Харин манай паркаас "бойжин" гарсан гарааны компаниудын борлуулалт, тэдний бий болгосон ажлын байр, улсын эдийн засагт оруулсан бодит хувь нэмрээр хэмжих ёстой. Үүний тулд бид нэг талаас эрдэмтэн, судлаачдаа дэмжиж, нөгөө талаас инновацыг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах чиглэлд онцгойлон анхаарч байна. Физикч хүний хувьд би аливаа зүйлийн байгалийн зүй тогтолд  суурилсан  үндсэн  шалтгааныг, эрх зүйч хүний хувьд түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог чухалчилдаг. Шинжлэх ухааны паркийн энэхүү тогтолцоог бид хамтдаа олон улсын жишигт хүргэж, Монгол Улсын хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болгоно гэдэгт итгэлтэй байна. Бидний үүд хаалга шинэ санаа, шилдэг технологи, амбицтай зорилго тээсэн хүн бүрд нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн,

"ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ЗАХИРГАА"
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДОКТОР (Ph.D) НОРОВЫН ТЭГШБАЯР