Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын тушаалаар Норовын Тэгшбаярыг Шинжлэх ухааны паркийн захиргааны захирлаар томиллоо.
Н.Тэгшбаяр нь “Мон Атом” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал, Цөмийн энергийн газрын дарга, Олон Улсын Атомын энергийн агентлагийн Монгол Улс дахь бүрэн эрхт төлөөлөгч, “Геологийн Төв Лаборатори” ТӨҮГ-ын захирал, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, “Усны судалгаа, үнэлгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ТУЗ-ийн гишүүн мөн МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрт арбитрчаар ажиллаж байсан туршлагатай.
“Шинжлэх ухааны паркийн захиргаа” нь шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл нь Монгол Улсад өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг байгууллага юм.
Тус паркийн захиргаа нь инновацын бүтээгдэхүүн гаргах, технологи дамжуулалтыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. “Шинжлэх ухааны паркийн захиргаа” нь эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудтай хамтран ажиллаж, эрдэмтдийн судалгааны үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон зах зээлд эргэлтэд оруулахад тулгараад буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах, гадаад орнуудын шийдвэрлэсэн арга туршлагаас харьцуулсан судалгаа хийж нутагшуулан ажиллахад гүүр болон ажиллах шинжлэх ухааны байгууллага юм.