Азийн Хөгжлийн банкны төлөөлөгчид Шинжлэх ухааны паркийн захиргааны хамт олонтой уулзалт хийлээ
Уулзалтад Азийн Хөгжлийн банкны төлөөлөгч, Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лонжидын Итгэл, Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Норовын Тэгшбаяр болон холбогдох албаныхан оролцов.
Уулзалтын үеэр доктор Н.Тэгшбаяр салбарын хууль, эрх зүйн өнөөгийн байдал болон Шинжлэх ухааны паркийн бүтэц, зорилт, ерөнхий төлөвлөлт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Талууд Шинжлэх ухаан, инновацын экосистемийг хөгжүүлэх, Монгол Улсын зах зээлд шинжлэх ухааны үр дүнг нэвтрүүлэх чиглэлээр хийгдэх ерөнхий судалгааны ажлын талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиров.
Азийн Хөгжлийн банкны төлөөлөгчид салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, гишүүн орнуудын сайн туршлага, жишгийг Монгол Улсад нутагшуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.