Шинжлэх ухааны паркийн захиргаа Хүннү хотын захирагчийн ажлын албатай уулзаж, харилцан танилцах уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Хүннү хотын ерөнхий төлөвлөлтөд тусгагдсан Сургалт–эрдэм шинжилгээ–үйлдвэрлэлийн цогцолборын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн паркийн төлөвлөлт, хөгжлийн чиглэлийн талаар мэдээлэл солилцож, талууд байгууллагынхаа товч танилцуулгыг хийв.
Хүннү хот нь 31,500 га талбай бүхий, олон төвтэй, дэд бүтэц, суурьшил, тээвэр-логистикийн төв, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, их, дээд сургуулийн цогцолбор бүхий шинэ дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Тус хотыг хөгжүүлэх замаар Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, хотуудын тэнцвэртэй хөгжлийг дэмжих, шинэ ажлын байр болон үйлдвэрлэлийн орон зайг нэмэгдүүлэх зорилттой.
“Хүннү хотын эрх зүйн байдал”-ын тухай хуулийн хүрээнд энэхүү бүс нь: эдийн засгийн шинэ өсөлтийг дэмжих, хотын хөгжлийг тэнцвэржүүлэх, инновац, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой стратегийн бүсээр тодорхойлогддог. Талууд цаашид сургалт, судалгаа, инновац, технологи дамжуулалт болон дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах чиглэлд тогтмол хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцов. Шинжлэх ухааны паркийн захиргаа нь Хүннү хотын хөгжлийн бодлого болон шинжлэх ухаан–инновацын экосистемийг уялдуулан, байнгын үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ.