“GLOBAL CONNECT DAY – PITCH TO PARTNERSHIP VOL.4” ЭХЭЛЛЭЭ
Шинжлэх ухааны паркийн захиргаа болон БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг “Pitch to Partnership Vol.4” хөтөлбөрийн үргэлжлэл болох “Global Connect Day – Pitch to Partnership Vol.4” арга хэмжээ Тэжон хотноо эхэллээ.
Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Pitch to Partnership Vol.4” арга хэмжээнд оролцсон компаниудаас шалгарсан гарааны компаниуд энэ удаа Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвд хүрэлцэн ирж, бүтээгдэхүүн, технологи, бизнесийн шийдлээ олон улсын хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагуудад танилцуулж байна.
Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд Монголын инновац, технологийн компаниуд Солонгосын инновацын экосистемтэй танилцахын зэрэгцээ хөрөнгө оруулалт, зах зээл, бизнесийн хамтын ажиллагааны чиглэлээр шинэ боломж эрэлхийлж байна.
Хоёр талын удирдлагууд хамтын ажиллагааны хүрээ жилээс жилд өргөжиж, Монголын гарааны компаниудыг олон улсын зах зээл, хөрөнгө оруулагчидтай холбох бодит боломжууд нэмэгдэж байгааг онцоллоо.
Ийнхүү “Pitch to Partnership” хөтөлбөрийн Монголд эхэлсэн үйл ажиллагаа Тэжон хот дахь “Global Connect Day”-аар үргэлжилж, хоёр улсын инновац, стартапын экосистемийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна.