Монгол-Хятадын гурав дахь удаагийн экспо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод болж байна. Гурав дахь удаагийн энэхүү арга хэмжээ нь “Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулья” уриалгатайгаар есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунгляо хотуудад зохион байгуулагдаж байна.
Тус форумд ОХУ, БНСУ, Япон, Израиль зэрэг улс зочноор оролцож байна.
Экспоны үеэр:
• Зүүн Хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулган • Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулган • Монгол-Хонгконг-Макао-ӨМӨЗО-ны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны хурал • Монгол-Хятадын стандартчилалын форум • Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум • Монгол-Хятадын хамтарсан технологи дамжуулалт ба инновацийн хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн форум • Монгол-Хятад-Оросын боловсролын үзэсгэлэн • Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын форум • Олон улсын монгол эм, эмнэлгийн салбарын хөгжил • Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа • Монгол-Хятадын олон улсын соёлын солилцооны долоо хоног зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн арга хэмжээн дээр БСШУСЯ-ны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал Б.БатӨлзий "Шинжлэх ухааны парк, цаашдын хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Тэрээр илтгэлдээ Шинжлэх ухааны паркийн өнөөгийн нөхцөл байдал болон БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн явц байдлыг танилцуулахаас гадна цаашид шинжлэх ухааны парктай хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм.